ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн ээлжит хурал болж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвжавын Ганзориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн хурлаар Доноровын Гантулга ЕНБД-аар сонгогдлоо.
П.Ганзориг нь Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг таван жилийн хугацаанд хашихдаа ХҮН намыг үндэсний хэмжээний улс төрийн хүчин болгон хөгжүүлэх, 21-р зууны дэвшилтэт үзэл баримтлалтай, төрийн бодлогын ачааг үүрэлцдэг нам болон төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гэж хурлын оролцогчид үнэлжээ.
Тэрбээр Төлөөлөх зөвлөлийн хурлын үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, улмаар Намын даргад албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө гарган, хамт олондоо талархал илэрхийлсэн байна. Тайлангийн дараа танхим дүүрэн оролцогчид удтал алга ташин хүндэтгэл үзүүлсэн нь ажлаа ил тод тайлагнаж, дараагийн удирдлагад хариуцлагатайгаар шилжүүлдэг ХҮН намын эерэг соёлыг илтгэлээ.
Шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нь Боловсролын сайд П.Наранбаяр болон П.Ганзориг нарын хамтаар 2020–2024 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр ажиллаж, сонгогчдын эрх ашгийн төлөө хамтран зүтгэж ирсэн туршлагатай улс төрч юм.
Хурлын төгсгөлд намын удирдлагууд П.Ганзоригт ХҮН намд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн бол шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгад ажлын амжилт хүслээ.













