Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг өчигдөр УИХ-аар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжээгүй. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Үүний араас түүнийг ажлаа өгөөд шууд явах уу эсвэл дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол байх уу гэдэг асуулт гарч ирлээ.
Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн хоёрдугаар заалтыг харвал УИХ-аар түүнд итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй тул огцорсонд тооцохоор тусгажээ.
Тодруулбал,"Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно" гэж заажээ.
Харин ажлаа өгөх эсэх тухайд дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэлх 30 хонoгийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэсэн хэвээр байх аж.
Тодруулбал тус хуулийн 21 дүгээр зүйлд дараах байдлаар тусгасан байна.21 дүгээр зүйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа 1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно. 2.Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсан тохиолдолд Ерөнхий сайд огцорно. 3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. 4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно гэсэн байна.












