УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 126 гишүүний нэг болж, парламентад суусан ч өнөөдрийг хүртэл тэгтлээ танигдаагүй нэгэн. Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэгвэл тэрбээр монголчуудын үндэсний их эв нэгдлийг илтгэсэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулжээ.
Хамгийн гол нь О.Амгаланбаатар гишүүн Улсын баяр наадамтай холбоотой анхаарал татахуйц хэд, хэдэн өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна. Тодруулбал, Улсын баяр наадамд насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрлийг оруулах, дэлхийн монгол наадмыг таван жил тутам зохион байгуулж, морь, бөх, сур харвааны төрөлд дэлхийн аварга цол олгох, улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын цол олгох зэрэг өөрчлөлтийг оруулж, төслөө боловсруулсан байна.
Мөн нэг анхаарууштай нь, баяр наадмыг жил бүр долоодугаар сарын 10-ны өдрөөс долоодугаар сарын 19-ний өдрийг дуустал ес хоног тэмдэглэж, бүх нийтээр амраахаар, гурван хоногийн дотор шинжилгээний хариу болон батламжийг үндэслэн тухайн бөх, харваачдад улсын цолыг олгохыг хуульчилжээ.


