Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн 65 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төслийг санаачлагч Ж.Алдаржавхлан гишүүн Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргыг Туул голын сав газраас их хэмжээгээр олборлож байгаа нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон юм.
Төслийн хүрээнд:
- Усны сан бүхий газар болон түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх,
- Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах,
- Иргэд гомдол, мэдээлэл гаргасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах
зэрэг өөрчлөлтийг тусгажээ.
Ингэснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэхийг хууль санаачлагчид онцолсон бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.
Сэтгүүлч Х.Бямбадалай












