Тэтгэврийн зээлийг маргааш шийдэхгүй бол ахмадууд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

299
Тэтгэврийн зээлийг маргааш шийдэхгүй бол ахмадууд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50:50 өр орлогын харьцааг эсэргүүцэж, Төрийн ордны гадаа суулт зарласан ахмадуудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Ахмадууд “Биднийг тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг зөөлрүүлэхийг шаардаж, Төрийн ордны баруун хаалганд суухаар нэг гишүүн нь гарч ирээд “Наранд битгий суу, та нартаа бид хайртай. Даралт нь ихэсч байгаад үхчихвэл яах юм, шийднэ” гэдэг. Дотор орохоороо ярьдаггүй. Бид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралд сууж үзсэн, Төв банкныхан нь хараат бус байгууллага гэдгээр өөрсдийгөө хаацайлж байгаа.

Удахгүй улсын их баяр наадам гээд УИХ, Засгийн газар, яам, Тамгын газрынхан амарлаа. Намар хүртэл амраад явна. Өнөөдөр долоодугаар сарын 3. Тиймээс  маргаашийн дотор Монголбанк, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд уулзаж, тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэхгүй бол бид ирэх долоо хоногийн даваа гарагаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.

Тэтгэврийн зээлд тавьсан 50:50 шалгуур бол зээлтэй байгаа ахмадуудад хэрэгжих боломжгүй.  Манай нэг ахмад зээл авах гээд банкинд хандтал “Зургаа хүртэлх сая төгрөгийн зээлээ төлчихөөд 24 сарын хугацаатай зээл ав” гэдэг шаардлага тавьсан байна.

Бид тэтгэврийн зээлийн хүүг буулгаад өг гэж шаардаагүй,  тэтгэврийн зээлийг тэглээд өг гэж хэлээгүй. Зээлээ ахмадууд чөлөөтэй авахаар зохицуулаад өг, 36 сараар авах боломжийг нь олгочих. Бид зуны дэлгэр цагийг алдаж, бидний эрх ашиг боогдож байна. Эмчилгээ хийлгэмээр байна, нүд, хөл ,гараа эмчлүүлмээр байна.
Хэрвээ тэтгэврийн зээлийн асуудлыг долоодугаар сарын 4-ний дотор шийдэхгүй бол уучлаарай бид айдаггүй байгаа шүү. Есөн ахмад өлсөхөд бэлэн болчихоод байгаа. 21 аймаг, 330 сумаас ирж бидний тэмцэлд нэгдэх ахмадууд маш олон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүэлсүх та ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэсэн, ахмадын төлөө зүтгээд өгөөч ээ. Бид амьд явах эрхтэй, өнөөдрийг хүртэл тэвчлээ. Та бүхэн яасан сэтгэлгүй хүмүүс вэ.

Хүний эрхийн үндэсний комисс “Дөрвөн ахмад тутмын нэг нь хүчирхийлэлд амьдарч байна. Үр хүүхдүүд нь аав, ээжийгээ дарамталж, тэтгэврийн зээлийг нь авдаг” гэх судалгаа танилцуулсан. Гэвч энэ судалгааг авахдаа энэ хуралд сууж байгаа хүмүүсийн нэгээс ч аваагүй. Бид үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлсэн хүмүүс.  Аав, ээжийгээ зодож тэтгэврийг нь дээрэмддэг гэх мэдээлэлд бид итгэхгүй байна. Манай залуучууд ухамсартай болсон, ингэж худал тархи угаахаа боль. Долоо хоногийн лхагва гараг бүрт Монголбанкнаас мэдээлэл өгнө гэж хүлээсээр наадам туллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуай таныг хүлээсээр бид хэцүүдлээ" гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Зарим гишүүн ахмадуудын тэтгэвэрт хүртэл оролцож,  далийрахаа болино уу!
a
admin
·2025-05-06 16:22

Зарим гишүүн ахмадуудын тэтгэвэрт хүртэл оролцож, далийрахаа болино уу!