Алга ташилт-алмайралт
Улаан хивс, уухайлан дэмжилт, улаан нүүр, урвалт шарвалт, харалцаан, хуурамч гар барилт, тэврэлт, “хайрцаглагдсан” төлөөлөгчид, өрсөлдөгчгүй нэр дэвшигчийг бүтээсэн дэглэлттэй МАН-ын 31 дүгээр Их хурал болж байна.
Төрийн дууллаар эхлүүлсэн намын Их хурлын нээлт хэвийн, төлөөлөгчдийн ирц бүрэн. Тэднийг Яармагт байрлах спортын “ Степпе Арена” цогцолборын хаалгаар орох үед сүү, хадаг барьсан бүсгүйчүүд угтаж хүндэтгэл үзүүлэв. Хачин юм, жигтэй юм. Яг л уран сайхны кино шиг. Цогцолборын гадна талбайд ганган сайхан машинууд эзнээ хүргэж өгөөд хүлээнэ. Машинуудыг лавшруулан харваас ихэнх машинууд албаны дугаар зүүжээ. Хэн нэгэн энд намын хурал гэж мэдээгүй бол олон баячуудын цугларалт болж байгаа гэлтэй. Их хурлын төлөөлөгчдөө хүлээж авсан хурлын танхим нь тэр чигтээ улаан өнгийг сонгож ерөнхийдөө улаанаар эргэсэн танхим бүтээжээ.
Намын даргын сунгаа учраас эхлээд мэдээж хуучин намын дарга үгээ хэлэх ёстой байх. Дүрмийн дагуу МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ гарч ирэхэд танхим дүүрэн алга ташилт, шүгэл үлээлт болсон нь магадгүй энэ цаг үед хамгийн тодоор үлдэх хошин агшин болж үлдэх байх.
Хурлын мөнгө хаанаас гарав?
МАН-ын 31 дүгээр хурлын гол уриа нь “ Эв нэгдэл-Шийдэл-Хөгжил” гэж тодотгожээ. Харин иргэдэд хандаж “ Ардын нам Ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн үгийг дайжээ. Эв нэгдэл, шийдэл, хөгжил гэдгийг задалж уншваас, эхлээд эвлэрээд, хулгай луйвраа шийдээд, дараа нь хамтдаа хөгжье гэсэн үгийн дотор дараагийн сонгууль байгаа шүү гэдгийг давхар илтгэжээ. “ Ардын нам Ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг нь “Монгол ялна” гэдэгтээ агаар нэг сонсогдов. Сүүлийн 35 жилийн хугацаанд төрийн эрх барьж, төрийн өндөр албан тушаалыг дэс дараагаар нь авч хийж, гүйцэтгэж явсан энэ намын нөхдүүд өмнө нь ард түмэнгүй байсан гэсэн үг үү. Угаасаа төрийн дээр аль хэдийнэ МАН “сандайлаад” суусан бус уу. Эх сурвалжийн мэдээллээр, “ Тус нам Улс төрийн намын тухай шинэчилсэн хуульд заасны дагуу татвар төлөгчдийн мөнгөнөөс Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-гоор дамжуулан 2025 оны 5 дугаар сарын 7-нд авсан Төрийн санхүүжилтийн 2 тэрбум 819 сая 790600 төгрөгийг зарцуулсан” гэв. Тус хуралд нийт 2255 төлөөлөгчид оролцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн байрлах зочид буудлын төлбөр, унааны зардал, өдрийн хоолны мөнгө, гарын бэлэг зэрэг багтжээ. Ийм өндөр өртөгтэй хуралд оролцогчид зөвхөн намын эрх ашиг бус, иргэдийн эрх ашгийг хөндөж намын даргаа сонгоход хайрцаглагдах биш, үнэн бодит байдлыг хайлцаж, үзэл бодлоо үгээ нээлттэй хэлэх эрхтэй байв. Харамсалтай нь, тэд өнөөдөр үүнийг мартаж нам тойрсон асар их баялгийн хулгай, дээрэм, тонуулын талаар ганц ч үг ганхийсэнгүй. Зөвхөн шинээр сонгогдох намын даргыг нийтээрээ сонгож, нэр төрөө хамгаалцгаав.
Харизмгүй, хамгаалалт ихтэй шинэ дарга “төрөв”
Насны хувьд өмнөх намын дарга нарын хувьд залуухан. Бидэн шиг үеэ хувааж мөчөөрхдөг хүмүүсийн хувьд харьцангуй залуу үеийн төлөөлөл. Түүнийг залуучууд Тимон нэрээр нь таньдаг, хип поп дуучин гэдгээр нь мэднэ. Одоо хүмүүс санадаг үгүйг мэдэхгүй. “Дэлхий сөнөвөл лагер дээрээ очно” гэж нэгэн цагт мэдэгдэж явснаараа алдартай. Удам судар талаасаа “Их Засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч” Улаан” О.Ням- Осорын хүү, аав нь Хэнтийнх, ээж нь Увс аймгийнх. Улс төр талаасаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй, мөн л нэгэн цаг үед түүнийг ааваа хэмээн авгайлж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Одоогийн албан тушаал нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд юм байна. Харин уржигдар буюу 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон МАН-ын 31 дүгээр Их хурлаар МАН-ын даргаар 94.95 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдов. Ерөнхийдөө өрсөлдөгчгүйгээр Н.Учрал намын дарга болж чадлаа. Түүнтэй Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас нэр дэвшсэн нь ч ердөө 100 гаруй хүний санал авчээ. Заалнаас нэрээ дэвшиж цөөн санал авсан ч нэрээ дэвшүүлсэн Б.Лхагважавт талархмаар.
Хэрвээ тэр хүн байгаагүй бол зүгээр л цахимаар санал хураачих боломжтой санагдсан. Нэгэнт “хайрцлагдсан” санал. МАН-ын шинэ дарга ямар зарчмаар ажиллахыг зориуд ажиглав. Тэрбээр,
- эдийн засаг
- эдийн засгийн эрх чөлөө
- хүний эрх, эрх чөлөө,
- хуулийн тэгш хэрэгжилтийн зарчмаар ажиллана гэжээ. Тэгвэл олон нийт эдгээр дарааллыг өөрчлөхийг хүсч байгаа юм. Тухайлбал, ийм хувилбар байвал алга ташихаар байв.
- 1. Хүний эрх, эрх чөлөө –
Монгол хүн амьд явах, амьдрах, боловсрох, эрүүл байх, нийгмийн анхны хэрэгцээгээ алдаад удаж буй.. Хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө хаагдмал. Зөвхөн магтан дуулагчдыг зохион байгуулалттай магтаж, тэдний төлөө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг бүхэл бүтэн бүлэглэл бий болсон. Үүнийх нь улмаас олон нийт мэдэх эрхээ албан бусаар хаалгаж байна.
- Хуулийн тэгш хэрэгжилт
- УИХ-ын дарга асан Д. Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, хуулийн байгууллагаар шалгуулах, намын нэрээр баяжиж, төрийн алба хаагчдын нэр төрийг гутааж авлига авсан олон нэр бүхий улстөрчид, нүүрсний хулгай, ЖДҮ-гийн зээл, Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдэгсэд ) гээд тоочвол маш олон төрлийн гэмт хэргийн шинжтэй, цаашилбал улс эх орноосоо урван тэрсэлсэн гэмт хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй.
- Эдийн засаг
- Сүүлийн үед Монгол Улс ядуурлын доод төвшиндөө хүрсэн. Өмнө нь дундаж давхарга гэж байдаг байсан бол өнөөдөр хоёр төвшний хэлбэрээр иргэдээ хувааж болно. Нэг бол баян, нэг бол ядуу. Энэ дунд хамгийн их хохирч байгаа нь нийгмийн бүхий л салбарт хэрэгтэй мэргэжилтнүүд болох эмч, багш,цагдаагийн алба хаагчдын цалин хөлс хүрэлцээгүй байна. Цалингийн нэмэгдэл яригдсан ч он гараад яаж хэрэгжих нь тодорхойгүй. Мөн ахмад настнуудаа гудамжинд гаргачихсан. Тэдний тэтгэврийн мөнгө амьжиргаандаа ч хүрдэггүй учраас эмнэлгийн үйлчилгээ ч авч чадахгүй хэвээр байна. Хамгийн сэтгэл эмзэглүүлж буй нэг асуудал бол ирээдүй хойч үе болох үр хүүхдүүдийн боловсролын асуудал хаягдсан. Тэдэнд суралцах боломж битгий хэл эрүүл саруул сургууль руугаа очих орчин тойрон байхгүй. Хаанаас ч хамаагүй гарч ирээд бага насны хүүхдийг гэмтээх, хүчиндэх,гэмт хэргийн золиос болсоор байна.
- Эдийн засгийн эрх чөлөө
Үүнийг ямар утгаар нь томъёолж байгаа юм бол. Бид өнөөдөр баялгийн хараал хүрчихсэн. Үүнтэй олон эдийн засагчид санал нийлж, санал бодлоо илэрхийлсээр байна. Харамсалтай нь, тэдний үгийг эрх баригч намынхан үл тоодог. Өнөөдөр бүх өргөн хэрэглээний барааны үнэ суга өсчихсөн. Хичнээн их ажил хийгээд ч нэмэргүй болсон. Мөнгөний ханш уначихсан. Эдийн засгийн хувьд тэг заалттай байгаа. Гэтэл энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “ 35 жилийн өмнө манай улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 360 ам. доллар байсан бол өнөөдөр 6900 ам. доллар болж 20 дахин нэмэгдсэн. Энэ нь өнгөрсөн 35 жилд МАН-д итгэл хүлээлгэсэн ард түмний амжилт юм”. Тэрбээр энэ үгээ Их хурлын үеэр онцолж хэлсэн. Үнэхээр үнэн бол мэдээж сайн. Гэхдээ энэ бол иргэдийн тархийг угааж байгаа эдийн засгийн төөрөгдлийн тоо баримт.
Тиймээс эрх баригчид энэ удаа хоосон амлалт, хоосон попролтыг хойш тавихгүй бол хөрсөн дээрээ байгаа Монгол түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтсоор байгаа шүү.
Хүн төвтэй, хүнээ хайрладаг, хүний төлөө сэтгэл тавьдаг, хуулиа биелүүлдэг, хариуцлагатай, зарчимтай нийгмийг бүтээхийн тулд олон нийт санаа чилээж суугаа шүү. Тиймээс энэ удаа МАН-ын шинэ дарга Н.Учралд нэг талын нислэгтэй сүүлчийн тасалбараа атгууллаа гэж харж байна.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В.Сарантуяа
- 11. 16 өдөр












