Монголын хип-хоп урлагийн төлөөлөгч 113 болон Ginjin нарын хамтран гаргасан “Зуны зугаа” дуу цахим орчинд хурдацтай
тархаж, олон нийтийн анхааралд өртөөд буй.
Харин энэ дууны агуулга, аялгуу нь Буриад зоны “Ёохор” дууг хип-хоп хэлбэрт оруулсан бөгөөд үүнийг Буриадын Төв Холбоо хүчтэй шүүмжилж, энэ сарын эхээр албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн. Тус холбоо мэдэгдэлдээ, “Хүүхэд, залууст садар самууныг сурталчилсан, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өдөөн турхирсан агуулгатай” хэмээн онцолжээ. Мөн Буриад ардын дууг “Бүдүүлгээр доромжилж, үндэстний өв соёлыг гутаасан” гэж үзэж, уран бүтээлч 113 болон түүний багт албан ёсоор хандан шаардлага хүргүүлсэн. Гэвч реппер 113 энэ шаардлагад хариу болгон инстаграмаараа лайв хийж, уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Өөрийн уран бүтээлийг хэн нэгний эрх ашигт нийцүүлэн өөрчлөхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд шүүмжлэлүүдийг хүлээж авахгүй гэдгээ шууд мэдэгдлээ.










