2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр улсын хэмжээнд ой хээрийн таван түймэр бүртгэгджээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, Хэнтий аймгийн Батширээт болон Дорноговь аймгийн Иххэт сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн XI хороо Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийн дуудлагаар онцгой байдлын алба хаагчид ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Иххэт сум болон Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Богдхан ууланд гарсан түймрийг цурманд оруулсан ба байгаль орчны газар, байгаль хамгаалагчид, "One Life" мото клуб, "Pajero" клубынхэн гал унтраах ажилд идэвхтэй гар бие оролцсонд ОБЕГ баярлаж, талархснаа илэрхийлэв.










