Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбар салбарын сайд нар мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Үүсмэл орд дээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. Өмнө нь үүсмэл ордыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан. Иймд ар өврийн хаалгаар үгсэн авдаг байдлыг таслан зогсооно. Цаашид үүсмэл ордыг ашиглуулахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг тогтоодог болно. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн үүсмэл ордыг түшиглэн "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" гэсэн компаниудын үйл ажиллагаатай очиж танилцсан. Энэ үеэр хэлэлцээрийн явцтай танилцлаа. Ирэх өдрүүдэд төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж, Засгийн газарт танилцуулна. Хоёр долоо хоногийн дотор эцсийн байдлаар хэлэлцээрийг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэв.












