Улс оронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. МАН-ын бүлэг хаалттай хуралдан, хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. АН-ын Бүлэг мөн хуралдан намынхаа хэсэг нөхдийн өгсөн шаардлагын талаар хэлэлцжээ. Тодруулбал, Ц.Уянга нарын тус намын гишүүд Л.Гантөмөр, Д.Цогтгэрэл нарт Хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүлсэн юм. Энэ мэт намууд тус тусдаа улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэн, баримтлах байр сууриа дор бүрдээ тодорхойлсон бол МАН-ын Бүлгийн хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзжээ.
Улс төр бужигнаж буй энэ өдрүүдтэй зэрэгцэн Төв талбайд залуусын "Огцрох амархан" жагсаал үргэлжилсээр байна. Ийнхүү хаврын улс төр ид буцалж, үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн эв зүйгээр шийдэх вэ гэдэгт намууд "толгойгоо гашилгаж" байна.






