Монголын Барилгачдын VII Их хурал Төрийн ордонд эхэллээ. Монголын барилгын салбарын 100 мянган ажилтныг эгнээндээ нэгтгэсэн энэ том байгууллага тулгамдаж буй хүндрэл, гарах гарц, хууль эрх зүйн орчныг өөрчлөх, оронсууцжуулалт ид өрнөж буй энэ цагт үндэсний барилгын компаниудаа дэмжих зэрэг хэлэлцвэл зохих олон асуудлыг ил тодоор хэлэлцэн, төр, засагт урилга хүргүүлэх юм байна.
Их хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд Сэлбэ дэд төв төсөлд Монголын барилгын компаниудаа оруулалгүй тендерт өндөр босго тогтоон шахан хавчиж байгааг шүүмжлээд УИХ-ын даргын хувиар үндэсний барилгын компаниудаа дэмжин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болгосон юм.
Оронсууцжуулалт, дахин төлөвлөлт, Сэлбэ дэд төв зэрэг томоохон төсөл хөтөлбөр иэдвхжиж байгаа энэ үед Үндэсний барилгын компаниудаа эн тэргүүнд тавих нь зүй ёсны хэрэг юм. Нөгөөтэйгүүр, нийслэлээс 500 сая ам.долларын бонд босгосон нь сайшаалтай ч Хятадын компаниудыг шалгаруулж буй нь зохисгүй үйлдэл юм. Нөгөөтэйгүүр, үүнийг дагаад 30-40 мянган хятад ажилтан Монголд орж ирэхээр байгаа нь Үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэх шаардлагатай гэсэн УИХ-ын даргын үг биеллээ олно гэдэгт олон мянган барилгачид итгэлтэй байна.




