Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улсын ард иргэд ээ, УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ!
Өнөөдөр та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид хамтдаа ирж байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг та бид өнөөдөр хамтдаа гаргаж гэж байна. Энэ асуудал хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна.
Бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 жил байсан. Бид 126 гишүүнтэй болсноор цаашид жишгийг хэрхэн өөрчилж, тогтвортой засаглалыг авч үлдэх вэ гэдэг асуудал бол өнөөдрийн чухал асуудал. Мөн 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кейс болж үлдэхээрээ түүхэн ач холбогдолтой. Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс. Парламент цаашид бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлсээ хамгаалах, гадна дотны олон сорилттой нүүр тулах болно. Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангаа өөрөө тодорхойлох эрх Монголын ирээдүйд, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламетын онцгой бүрэн эрхийн асуудал. Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага УИХ эцсийн шийдвэрээ гаргана гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш бөгөөд хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс би парламентын гишүүдийн бүх асуултад нээлттэй ил тод хариулах болно. Үнэнг бид нээлттэй ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ өөрөө парламентын ардчилал биш болж хувирна.












