Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Хавар болоход иргэд ядаргаагаа тайлна гэж эмнэлэгт хэвтээд, дусал тариа ихээр хийлгэн ЭМД-ын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Тиймээс шаардлагагүй хэвтдэг энэ байдлыг хязгаарлаж, нэг хүнд ногдох санхүүжилтийг нэмэгдүүлсэн” гэв. Эмнэлэгт шаардлагагүй хэвтэнэ гэж байх уу. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэд жилд нэг удаад ядаргаагаа тайлах гэж эмнэлэгт хэвтэн дусал тариа хийлгэж болохгүй гэнэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан та Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж иргэдийг буруутгахын оронд эмч нар, эмнэлгүүдийнхээ ачааллыг бууруулж, иргэдийнхээ эрүүл мэндэд сэтгэл зовнибол яасан юм бэ. Албан тушаалын халаа сэлгээ, хэрүүл хийж явах хооронд чинь эмнэлгийн дараалал хүлээсээр олон өвчтөн амиа алдаж байна. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн жилд хоёр сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол өдгөө энэ нь ч олдохгүй, даатгал төлснийхөө хэргийг гаргаж чадахгүй байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нар нь ар араасаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хамгийн сүүлд мөн энэ хэргээр шалгуулж буй Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг энэ байгууллагын даргад хэл амтайгаар томилсон. Гэвч ЭМДЕГ-ын үе үеийн дарга нар идэж ууж, ашиглаж завшихаа бодохоос иргэдийн эрүүл мэндийн талд дорвитой юм хийсэнгүй. Үүний хариуцлагыг Т.Мөнхсайхан та үүрэх учиртай. Албан тушаалтнууд эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнөөс идэж завшиж болдог. Гэтэл иргэд дусал тариа ч хийлгэх эрхгүй, хийлгэвэл үр ашиггүй зардал гэнэ. Эцсийн эцэст бүхэл бүтэн эрүүл мэндийг салбарыг хариуцаж байгаа сайд нь иргэдээ хавар шаардлагагүйгээр эмнэлэгт хэвтэж, илүү үр ашиггүй зардал гаргаж байна гэж хэлснийхээ төлөө огцроход ч багадна шүү.







