Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа.Тэашрамд, Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хэлэлцээд З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн, шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг буцааж, дахин хугацаа товлож хэлэлцэнэ гэсэн үг юм.




