УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гурил, тэжээлийн импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.
УИХ-ын гишүүн Баасансүрэн:
-Шинжилгээнд ирсэн дотоодын улаанбуудай чанарын шаардлага хангахгүй байна гэсэн мэдээлэл байна. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд л байдаг. Гэтэл эргээд чанартай улаанбуудай, гурил үйлдвэрлэхгүй байхад яах юм бэ. Энэ бол монголчуудын эрүүл мэндийн асуудал шүү. Татвараар дэмжээд байхад эргүүлээд чанараа сайжруулах талд хэрхэн анхаарах вэ. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд байхад тоо нь улам цөөрөөд байна. Үүнд ямар хяналт, зохицуулалт хийх вэ?
-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
"Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь их өрсөлдөөн байна гэсэн үг. Тиймээс үйлдвэрүүдийн тоо цөөрч байна. Цаашид ч цөөрөх байх. Одоогийн байдлаар есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр үйл ажиллагаа зогсоосон байна. Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол 2,3-хан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Улаанбуудайн тариалалтын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Монголын үйлдвэрүүдийн чанар сайжирч байгаа. Үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан гэсэн үг. Гурилын чанар муудсан гэж хэн хэлснийг мэдэхгүй. Харин ч эсрэгээрээ сайжирч байгаа. Төрөл ч мөн нэмэгдсэн. Тариаланчид улаанбуудайн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Ургац тогтмол нэмэгдэж байна. Гурилын чанар муудсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Гурил хямдхан байгаа. Алтантариа 1500 төгрөг, Өгөөж 1760 төгрөг, УБ гурил 2050 төгрөг, Өег гурил 1930 төгрөг, Дорнодын гурил 1790 төгрөг гэх мэт үнэтэй байна.Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэрлэлтээс хамаарч худалдаанд 30-40 хувийн үнэ нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ" гэв.



