Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг үг хэлээр доромжилж, улстөржлөө хэмээн зандарсан. Гэвч түүний энэхүү үйлдэл улс төрийн маргаан дагуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 1-ний дотор буюу гурав хоногийн хугацаанд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ж.Баярмаа гишүүнээс, УИХ-аас амаараа уучлал гуйхыг шаардсан. Уучлалт гуйхгүй бол тус бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна гэдгээ мэдэгдсэн билээ.
Хэрвээ маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд орж ирэхгүй, уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганы хуралдааныг бойкотлох хүртэл эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр товлосны хоёр нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд өөрийг нь шүүмжиллээ хэмээн бухимдан эмэгтэй гишүүнийг хэл амаар доромжилсныхоо төлөө Ж.Баярмаа гишүүн, УИХ-аас уучлалт гуйх эс бөгөөс улс төрийн бүхий л үйл ажиллагаа гацаанд орох хоёр зам үлдээд байна.







