УДБЭТ-ын уран бүтээлчид Улсын баяр наадмын тоглолтод оролцохгүй, ажил хаях шийдвэр гаргасан талаараа өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр тус театрын захирал үүссэн асуудлаар хариу хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг "Монгол Улсын хэмжээнд цорын ганц театр болох УДБЭТ-ын ирээдүйг өнөөдөр ярих гэж байна. Бид дэлхийн сонгодог урлаг хаашаа чиглэж байгааг анхаарч, хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай тулгарсан.
Театрын маань найрал болон гоцлол дууны уран бүтээлчид 2025 оны тавдугаар сарын 21-нд батлагдсан шинэ бүтцийг ойлгоогүй байна. Найрал, гоцлол дууны ангийг тараах гэсэн зүйл огт байхгүй. 285 уран бүтээлч бүгдээрээ энэ бүтцэд багтсан. Дуурийн урлагийг хөгжүүлэх ёстой шүү дээ. Тиймээс шинэ бүтцээр дуурийн продюсерын орон тоог гаргасан. Балетын продюсер, хөгжмийн хүрээлэнгийн продюсерын орон тоог ч гаргасан.
Өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан хүн өчигдрийн хэвлэлийн бага хурлын гол дүр болчихсон явж байна. Долоодугаар сарын 1-нээс аравдугаар сарын 01 хүртэл театр хоосон байдаг. Ийм үед “Клеопатра” жүжгийг түрээсээр тоглуулж урсгал зардал, засварын санхүүгээ олох гэж л байгаа.
Би маш олон хүнд уран сайхны удирдаачаар ажиллах санал тавьсан. Олон улсад ч тавьсан. Олон улсаас уран сайхны удирдаач олддоггүй. Сонгон шалгаруулалт хийгээд Г.Ганцэцэг удирдаачийг давах хүн байгаагүй. Тэр хүн найрал, гоцлол дуучдын багш нь. Тийм учраас маш сайн ойлголцоно гэж бодсон. Гэтэл өнөөдөр ийм асуудал гарч байгаад гайхаж байна. Гоцлол дуучдаа та нар тайзныхантай битгий барьц аа. Гадуур гараад хэдэн төгрөгөөр дуулж, ямар орлого олж байгаа нь нууц биш шүү дээ.
Яг үнэнийг хэлэхэд би зарим хүнээс ичиж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг. Гоцлол дуучид битгий хөгжимчид, тайзны ажилтантайгаа барьц. Та нар гараад нэг дуулахад хэдэн төгрөг авч байгаа бол. Энэ нууц биш байх. Хамгийн боломжтой уран бүтээлчид байтал ийм юм ярьж байна гэхэд харамсалтай байсан. Тэгвэл дараагийн уран сайхны удирдаач хэн байх вэ, шийдлүүдээ гаргаж ир. Төрийн концертод орохгүй гэл үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн байна. Энэ чинь өөрөө өрсөлдөөний талбар шүү" хэмээсэн юм.












