Палестинчуудын хувьд газар нутгийн маргаан, аюулгүй байдал, эдийн засгийн хүнд нөхцөл нь хэзээ ч зогсохгүй хүнд хэцүү байдал үүсгэсээр байна. Тодруулбал зүүн хил орчмын Газын зурвас дахь олон мянган хүн орон гэрээсээ дүрвэж, үерийн улмаас дахин хоргодох байраа олох шаардлагатай болжээ.
Энэ удаагийн үерийн гамшиг нь хүнд нөхцөлд буй палестинчуудын амьдралыг улам хүндрүүлж байна. Иргэний хамгаалалтаас авсан мэдээллээр, орон гэрээсээ дүрвэж, майханд хоног төөрүүлж байсан олон хүн усны хүчтэй урсгалаас шалтгаалан майхандаа гацсан, эсвэл эвдэрч нурсан байдалтай байна. Зарим нь майхнаа тойруулан ус зайлуулах суваг шуудуу ухаж, борооны үерээс хамгаалах оролдлого хийж байгаа ч, цаг агаарын хүнд нөхцөл нь хүндрэл учруулж байна. Албаныхны мэдээллээр энэ байдал баасан гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй бөгөөд аюулын хэмжээг нэмэгдүүлж байна гэжээ.
НҮБ-ын мэдээллээр, Газын зурвасын 760 орчим хоргодох байранд 850 мянга орчим хүн үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна. Одоогийн байдлаар хүмүүнлэгийн байгууллагуудын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүрэлцэхгүй байгаагаас аврах ажиллагаа, тусламж үзүүлэхэд хүндрэл үүсээд байна. Тусламжийн хэрэгслүүдийг Газын зурвас руу нэвтрүүлэх зөвшөөрөл авах хүсэлт Израилийн засгийн газраас хүлээн авч буй ч, эрхзүйн болон аюулгүй байдлын шалтгаанаар хүндхэн нөхцөл байдал үүссээр байна.
Газын зурвас нь нийт 2.2 сая хүн амтай бөгөөд газар нутгийн 43 хувьд оршин суугчид төвлөрч байна. Үлдсэн 57 хувь нь Израилийн хяналт дор байгаа бүсэд байрладаг. Тухайн нөхцөлд олон мянган хүн үерийн аюулд нэрвэгдэж, гэр оронгүй, хоолны хомсдолд орж буй нь хүнсний хангамж, эрүүл мэндийн хөнөөлтэй тулгарч байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Цаашид, үерийн аюулыг бууруулах, хүмүүнлэгийн тусламжийг хурдан хүргэх, орон нутгийн хамгаалалтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үерийн аюулыг урьдчилан мэдэрч, урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэх нь энэ бүс нутгийн иргэдийн амьдралыг хамгаалах гол хүчин зүйл болж буй бөгөөд хамгийн чухал нь улс төрийн маргаан аюулгүй байдлын нөхцлийг сайжруулж, олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэйг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж AL Jazeera Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн











