УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийг талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонслоо. Тэрбээр "Манайд эрчим хүчийг бодит өртгөөс доогуур буюу нэг кВт цахилгааны өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах цахилгааны дундаж тариф 2023-2024 онд 216 төгрөг, айл өрхийн тариф дунджаар 140 төгрөг буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур үнээр тогтоож ирсэн. Үүний улмаас нүүрсний уурхай, нүүрсний төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар 2024 онд 355 тэрбумын алдагдал хүлээх тооцоо гарч, хуримтлагдсан өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрч, түлш эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсний хангамж, хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аваар осол гарч болзошгүй эрсдэл үүссэн. Ажиллах хүчний хомсдолд орсон, ажилчдын цалинг банкнаас зээл авч тавихад хүрсэн зэрэг хүндрэл гарч байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдрөөс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Цахилгааны дундаж тариф 216 төгрөгөөс 280 төгрөг хүрч, нэмэгдсэн. Олборлох боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 294 төгрөгөөс 342 төгрөг, бусад үйлдвэрлэлийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр, айл өрхийн дундаж тариф 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож нэмэгдүүлсэн гэлээ.


