Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаах нь их байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. Тэрбээр "Эрхэнд ноцтой халдлаа, хохироолоо гэх гомдол их байна. Бидний зүгээс нэгэнт оруулахгүй юм бол яах гэж виз өгч байгаа юм бэ гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Манай иргэдийг зорилгоо, хэзээ буцахаа мэдэхгүй байна гээд буцаагаад байгаа. Мэдэж байх ёстой учраас айлын хууль дүрэм зөрчөөд юу ч байсан оруул гэж болохгүй. Он гараад эхний таван сарын байдлаар БНСУ-ын хил дээрээс Монголын 500 гаруй, харин Монголоос БНСУ-ын 64 иргэнийг хил дээрээс буцаасан. Манай иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч байгаа. Бид анхаараад ярьж байна. Виз зуучлалын төвүүд сайн ажиллаж, энэ компаниудтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна. Хэд хэдэн жишээ байгаа. Нялх хүүхдийг зориулалтын бус газар хоол ундгүй байлгаж байна гэнэ, эрхийг нь зөрчсөн гэх гомдлууд их ирдэг. Тухай бүрд асуудлыг тавиад шаардлага хүргүүлж, тайлбар нэхэж байгаа. Хөдөө орон нутгийн иргэд их явж байна. Нэг талаасаа хэнэггүй, нөгөө талаасаа виз гарсан юм орчихно гэж ойлгож болохгүй. Бидний зүгээс эмчилгээнд явж байгаа иргэдийн асран хамгаалагчдыг визгүй явуулаач ээ. Бизнес эрхэлж байгаа, тогтмол зорчдог хүмүүсийг визгүй болгооч ээ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Монголоос ирж байгаа иргэдийн 80 хувийг буцаах байтал харин ч бид 20 хувийг буцааж байгаа гэдэг асуудлыг БНСУ-ын тал хэлсэн" гэв.



