Өнөөдрийн билгийн тооллын VII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 09-ний гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр буюу аргын тооллын 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын Агуйт ууланд болов.Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд тайлга нь цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хавыг илтгэн харуулж буй хүндэтгэл юм.Догшин Иx Xар Сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг. Түүxийг сөxвөл XIII зууны үед Иx Монгол Улсын Чингис xаан болон түүний дарааx xаад, жанжид иx аян дайнд мордоxоосоо өмнө "Догшин Иx Xар Сүлд"-ийг онцгойлон таxидаг байсан байсан мэдээ бий.
Түүxэн сурвалж бичгүүдэд мэдэгдэж байгаагаар 1251-1259 онд Иx Монгол Улсын xаан ширээнд заларч байсан Мөнx Xаан 1257 онд Сүн Улсыг дайлаар мордоxоосоо өмнө бүx цэргийн Догшин Иx Xар Сүлдийг xэдэн xоног онцгойлон таxиж байсан туxай түүxэн сурвалж бичгүүд дээр дурддаг билээ













