БНСУ-ын нутагт үргэлжилсэн борооны улмаас дөрвөн иргэн амиа алдаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Өчигдрөөс тус улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Тус улсын төв болон өмнөд бүс нутагт үргэлжилсэн бороо гамшгийн түвшинд хүрчээ. Сөүл хотын орчмоос гадна орон нутагт илүү их хохирол амсаж, Пусан, Улсан хот болон Жолла, Кёнсан аймагт хохирлын хэмжээ нэмэгдсээр байна.
Өнөөдрийн байдлаар 6000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба үргэлжилсэн ширүүн борооны улмаас авто зам үерт автаж, галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулжээ. Мөн тариалангийн бүс нутаг үерт автаж, хамгаалалтын далан нурсан байна. БНСУ-ын нутагт үргэлжилж буй борооны улмаас Засгийн газраас гамшгийн хамгийн өндөр зэрэглэлийн дохиог идэвхжүүлжээ.




