Үндэсний их баяр наадмын амралт арав орчим хоног урт удаан үргэлжилсэн. Өмнө гурван өдөр амардаг байсныг иргэд богино байна. Ялангуяа хөдөө орон нутаг руу явахад наадмын амралтын хоног хүрэлцдэггүй хэмээн санал гомдол удаа дараа гаргаснаар Үндэсний их баяр наадмын амралтын хугацааг сунгасан юм. Гэтэл сайн юм саар талтай гэгчээр баяр наадмын олон хоногоор иргэд амарч зугаалж явахдаа замд болон усанд осолдох, бэртэж гэмтэх тохиолдол эрс өсчээ. Тодруулбал, үндэсний их баяр наадмын долоо хоногийн дотор 94 хүн гадны шалтгаант осол гэмтэл, амиа хорлолтоор нас баржээ.





