Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз охиндоо 20 саяын үнэтэй бөгж бэлэглэсэн асуудлыг АТГ иргэний хүсэлтээр шалгаж, 30 хоногийн дотор орлогоо нотлох хугацаа өгсөн.Тодруулбал, энэ оны тавдугаар сард АТГ-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнг дуудаж мэдүүлэг авсан бөгөөд 20 саяын үнэтэй алмазан бөгж худалдан авч, бэлэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс АТГ аав, хүү хоёрыг орлогоо нотлох 30 хоногийн хугацаа өгсөн юм . АТГ хэд хэдэн удаагийн мэдүүлэг авч, шалгалт хийсэн боловч тухайн үед О.Тэмүүлэнгийн худалдан авсан бөгжний үнийг тогтоохоор гадаадаас бөгжийг тестлэх (үнэт эдлэл, даймонд шигтгээтэй эсэхийг тогтоох) төхөөрөмж авчирна гэх шалтгаанаар шалгалтын хугацааг хойшлуулж, улмаар 30 хоногоор сунгасан юм. Гэтэл нэг сарын буюу 30 хоногийн хугацаа хэдийнэ дууссан ч шалгалтын үр дүн тодорхойгүй, АТГ бүлх залгисан мэт байгаа нь уг хэргийг шалгаж тогтоох сонирхол бий эсэх нь эргэлзээтэй. Нэг бөгжний үнийг сарын хугацаанд тогтоож чадахгүй байна гэж байх уу. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ их ажлын дараах алжаалаа тайлж амрах нэрийдлээр хилийн чинадыг зорьсон ч одоогоор эх орондоо ирээгүй, АТГ хөрөнгө орлогыг нь нягтлан шалгасан эсэх нь ч бүрхэг байна. Энэ мэт тодорхойгүй байдал нийгэмд эргэлзээ төрүүлж, аанай л төрийн томчуудын хэргийг шалгаж байна гэдэг ч тэгсхийгээд замхардаг зам руу орохвий гэсэн болгоомжлол бийг үгүйсгэхгүй. АТГ цаг хугацаанд нь асуудлыг шалгаж, үр дүнг нийтэд ил тод мэдээлдэггүйгээс гэмт этгээдүүд ял завшиж, иргэдийн хуулийн байгууллагад тэр дундаа АТГ-т итгэх итгэл алдарсаар байна.



