Хүний Эрхийн Үндэсний комисс Монгол Улсын хэмжээний хүний эрхийн нөхцөл байдлын тайланг жилдээ нэг удаа УИХ-д тайлагнадаг. Хүний эрхийг тэр дундаа бяцхан үрсийнхээ эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаарх ноцтой баримтыг ХЭҮК өчигдөр танилцуулсан нь сэтгэл сэрдхийм байлаа. Харамсалтай нь, чуулганы танхим хоосон шахам. АН эмэгтэй гишүүнтэй нь доромж байдлаар хандлаа хэмэн Ерөнхий сайдад гомдон ажил хаячихсан. Гэтэл УИХ-ын чуулганаар Үндсэн хуулиар олгосон амьд явах эрхээ ноцтой зөрчүүлсэн иргэд, гэр бүлийн болоод сургуулийн орчны хүчирхийлэл дарамтыг тэсэлгүй 300 гаруй хүүхэд амиа хорлосон, осол гэмтэлд хэдэн зуугаараа өртөн эрүүл мэнд, амь насаараа хохирсон талаарх ноцтой мэдээллийг өгч байхад АН болоод бусад гишүүд үл тоон чуулганы хуралдаандаа суусангүй. Үүнээс тэдэнд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, амь нас огт хамаагүй, улс төрийн эрх ашиг эн тэргүүнд гэдгийг харж болохоор байна.
ХЭҮК-ийн тайлангаас нэг жилийн буюу 365 хоногт Монгол Улсад юу болов, иргэдийн эрх, эрх чөлөөг хэрхэн зөрчив, тогтолцооны гажуудал нь хаанаа байна, парламент юу хийх ёстой юм гээд бүгдийг нь илтгэх том зөвлөмж, судалгаа байлаа. Харамсалтай нь, цаг үеэ мэдрээгүй, олоогүй АН-ынхны улстөржилт Ерөнхий сайдын хэлсэн гэх доромж үгээс ч илүү доромжлол байлаа.







